Хүнсний бүтээгдэхүүний шошгонд байдаг Е тэмдэглэгээний тайлбар

Хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, биет байдлыг сайжруулах, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад зориудаар нэмдэг байгалийн болон химийн гаралтай бодисуудыг хүнсний нэмэлт гэдэг.

Хүнсний нэмэлтийг биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй андуурч ташаа ойлгох явдал хүн амын дунд түгээмэл байдаг.

Хүнсний бүтээгдэхүүний хаяглалтад хэрэглэж байгаа “Е” тэмдэглэгээ гэдэг нь хэрэглэгчдэд тухайн хүнсний бүтээгдэхүүний орцод агуулагдаж буй нэмэлт бодисын төрлийг заасан мэдээлэл юм.

хүнсний аюулгүй байдлыг хангах талаар 10 зөвлөгөө

1. Ил задгай борлуулж буй газар, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг бүү худалдан ав. Эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан дэлгүүр, супермаркетаас гарал үүслийн баталгаажилттай, шинжилгээний бичигтэй, хадгалах хугацаа нь хэтрээгүй, сав баглаа боодол нь хонхойж, эвдрээгүй, хаяг шошготой, цэвэр, шинэ хүнсний бүтээгдэхүүн худалдан авах.

2. Худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ гэртээ авчран ангилан түргэн гэмтдэг хүнсийг хөргөгчинд, эмх цэгцтэй хадгалах, нөөшилсөн хүнс, хиам г.м. зарим хүнсийг бөөнөөр нь авч, хөлдөөж хэрэглэхгүй байх.

3. Салат, зууш бэлтгэхдээ ариун цэвэр, эрүүл ахуйн болон дулааны боловсруулалтын горимыг зөв баримтлан бага, багаар бэлтгэж хэрэглэх.

Тухайлбал өндөг, тахианы махыг чанахдаа чаналтыг гүйцэд хийж, тухайн хэрэглэх хэмжээгээр бэлтгэж хэрэглээрэй. Яагаад гэвэл эдгээр нь сальмонелл, кампилобактер, стрептококк зэрэг нян, шувууны томуу буюу Н5N1 вирусээр бохирлогдсон байх магадлалтай.

4. Бэлтгэсэн салат, зуушаа тасалгааны хэмд биш хөргөгчинд тагтай саванд хийж хадгалах.

5. Хоносон хоол хэрэглэхгүй байх. Учир нь хоносон хоол нь хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян үржиж, хороо ялгаруулан улмаар уг хүнсийг хэрэглсэн хүн өвчилнө.

Нянгийн үржих таатай хэм 4СО-62СО ба чийгшил ихтэй, хоол, хүнсний тэжээлт орчны нөхцөл хангагдсан нөхцөлд 1 нян 20 минутын дараа хос болж улмаар 10 цагийн дараа 1 тэрбум болж үрждэг.

Перфрингенс, ботулин г.м. зарим спортой нянгууд чаналт, халууны боловсруулалтын үед хуяг үүсгэн амьд үлдэж хороо ялгаруулах чадвартай.

6. Хоол хүнс бэлтгэх үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийг сайтар сахих, ялангуяа түүхий хүнс бэлтгэдэг хутга, модыг бэлэн болсон хоол хүнстэй хольж хэрэглэхгүй байх.

Өөрөөр хэлбэл мах, түүхий сүү зэрэг мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд нян үржих таатай нөхцөл болдог тул болгосон, болгоогүй хүнсийг хооронд нь холихгүй байх.

7. Цэвэр байх дүрмийг сайтар баримтлах. Сав суулга, аяга тавгийг 2 удаагийн угаалтаар (угаагч бодисоор тосыг нь угаасны дараа заавал цэвэр усаар зайлах) угаах.

8. Гарын ариун цэврийг сайтар сахих. Ялангуяа хоол, хүнстэй харьцахын өмнө, бие зассаны дараа, цэвэрлэгээ хийсний дараа гараа сайтар савандаж угаах, гар угаах тохиромжгүй бол нойтон салфетка, ариутгагч шингэнийг хэрэглэж занших.

9. Түүхийгээр идэж хэрэглэх жимс, ногоо нь газар тариаланд хэрэглэдэг химийн бодис, бордоогоор бохирлогдсон байх магадлалтай учраас болж өгвөл хүйтэн усанд сойх эсвэл сайтар угааж, хальсалж хэрэглэх.

10. Найдвартай ундны усыг хэрэглэх. Усаа буцалгаж, шүүж хэрэглээрэй.