Б.Даваацэрэн
Химийн ухааны Доктор (Ph.D)
Грийн химистри ХХК-ийн захирал
Химийн урвалын зураг хэнд хэрэгтэй гэж хүмүүс гайхаж магадгүй. Үүнд хариулахын тулд “Химийн урвал гэж юу вэ?гэсэн асуултад эхлээд хариулах шаардлага гарч ирнэ. Хамгийн товч хариулт: “Нэг буюу хэд хэдэн химийн бодисын молекул харилцан үйлчлэлд орж, химийн холбоо тасрах, шинээр үүсэх замаар атом хооронд электрон шилжиж, бүтэц, найрлагад өөрчлөлт гарах явцыг химийн урвал гэнэ” эсвэл “Нэг бодис өөр бодис болж өөрчлөгдөхийг химийн урвал гэнэ”. Бодис гэдгийг дандаа аюултай, хортой гэж ойлгох хэрэггүй. Түүхий эд, энгийн материал, юу ч байж болдог.
Хүннү гүрний исгэрдэг сумны зэвээс, өнөөгийн бидний хэрэглэж байгаа гар утасны дотор, гадар хүртэл химийн урвалын оролцоогүй гарган авсан бараа бүтээгдэхүүн, эдлэл хэрэглэгдэхүүн ховор билээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 96 мянган ААН-ээс химийн процесс ашигладаг тоог нарийвчлан тооцвол химийн нийгэм, эдийн засгийн үр ашиг хэр өндөр болох нь харагдах биз ээ.
Гэвч энэ тухай хими анхлан үзэж байгаа ЕБС-ийн хүүхдүүдэд химийн урвал ямар энгийн, ойлгоход хялбар болохыг ойрын жишээ, практик дээр тайлбарлах байдал дутагдалтай, байгалийн шинжлэх ухаанд дурлагсад ховордож байгаад сэтгэл гонсгор байдгаа нуух юун билээ.
Нийтээрээ “Химийн урвал” зөвхөн лабораторид, мэдлэгтэй хэдэн хүн явуулдаг, ойлгоход хүнд сэдэв гэсэн буруу ойлголттой. Химийн чиглэлээр төгссөн эсвэл химийг хичээл зайлшгүй үзэж төгссөн ажил мэргэжлээс бусад нь дунд сургуульдаа Химийн хичээлдээ дургүй байсан гэсэн хариулттай байдаг.
Иймд дээрх байдлыг засах, хүүхдүүдийн танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, туршилтаар дамжуулан химийн анхан шатны ойлголт төрүүлэх үүднээс хүүхдүүдийг Химийн багш нартайгаа хамтран зарим энгийн химийн урвалуудыг явуулж, үр дүнг нь хэлэлцэн үйл явц, урвалын агшныг харуулсан зургуудаар уралдах нь эхний алхам гэж үзсэн учраас зургийн уралдаан зарласан билээ.
Зөвхөн нэг гэрэл зураг авахын тулд тухайн урвалд бэлтгэх, орчин нөхцөл, аюулгүй байдлыг бүрдүүлэх, ямар урвал, өөрчлөлт хэрхэн явагдсан, үр дүнд ямар ямар бүтээгдэхүүн үүссэн, энэ нь хүн болон байгаль орчинд ашиг тустай эсэх, үйлдвэр практикт хэрхэн ашиглагддаг гэх мэт олон асуулт, хариултууд гарч танин мэдэхүй нээгдсэнээр бидний сэдсэн ажлын үр дүн тав, арван жилийн дараа гарна гэдэгт итгэлтэй байна.
Аливаа зүйлийг тэр дундаа хими, байгалийн шинжлэх ухааныг сонирхох сэдэл төрүүлэх нь гэрэл зургийн уралдааны гол зорилго билээ.