Page 562 - GreenChemistry2023 Emhetgel
P. 562
4.1. "Лабораторийн нөхцөлд цахилгаан химийн аргаар хөргөлтийн ус боловсруулсан
туршилтын үр дүн, электролизер угсрах боломж" Г.Мэндсайхан, Л.Батцэцэг, Г.Алимаа,
Дарханы ДЦС ТӨХК
Г.Алимаа *, Г.Мэндсайхан **, Л.Батцэцэг***
*”Дарханы ДЦС” ТӨХК
Хураангуй: Дэлхий дахинд ногоон технологи буюу эрчим хүч хэмнэсэн, химийн бодис хэрэглэдэггүй технологи
хурдацтай хөгжиж байгаа өнөө үед манай эрчим хүчний салбарт эдгээрийг тусгаж ажиллах нь чухал ба эрчим
хүчний хэрэглээ багатай, химийн бодис хэрэглэдэггүй, хаг хурдсын хэмжээг болон шүлтлэгийн хэмжээг
бууруулдаг, хөргөлтийн усан дахь бичил организмын үржлийг саатуулдаг технологийг өөрсдийн лабораторит уг
процессыг туршин явуулж 15А гүйдлийн хүчээр электрод хоорондын зайг 5 см-ээр тохируулан электролиз
явуулах нь хамгийн тохиромжтой байна.Мөн энэхүү төхөөрөмжийг өөрсдөө угсрах бүрэн боломжтой бөгөөд үнэ
өртөгийн хувьд худалдан авснаас хямд байна.
Түлхүүр үг: Хөргөх цамхаг, конденсатор, зэврэлт, хаг хурдас, биологийн бохирдол, электролиз
Шийдвэрлэх асуудал: Хөргөх цамхаг нь үйлдвэрийн процессын үндсэн байгууламжийн нэг бөгөөд эдийн
засгийн хувьд болон байгал орчинд чухал үүрэгтэй.Усыг дахин ашигласнаар усны экосистемд дулааны
бохирдол үүсэх болон усны өөрийн өртгийг бууруулдаг. Хөргөх цамхагийн усыг цэвэршүүлэх, хянах асуудал
орхигдож байгаагаас тоног төхөрөөмжийн эвдрэл гэмтэл, үйл явцын хяналт алдагдах, усыг ихээр ашиглах,
байгаль орчны бохирдол, аюулгүй байдал алдагдах, эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг
талтай. 1973 оноос хөргөлтийн усны менежментийн чиглэлээр дэлхий дахинд судлаачдын идэвхи оролцоо эрс
нэмэгдсэн [2]. Манай станцын хувьд хөргөлтийн усны хатуулагаас үүдэн конденсаторын гуулин хоолойд хаг
хурдас үүсч дулаан дамжуулалт муудснаар өндөр өртөгөөр гуулин хоолойг дахин солих, тогоо тэтгэх химийн
цэвэр ус бэлтгэхдээ хатуулаг өндөртэй хөргөлтийн усыг авч боловсруулалт хийхэд зарцуулагдах химийн бодис
урвалж, цахилгаан эрчим хүч, хөдөлмөр зарцуулалт төдий хэмжээгээр нэмэгддэг тул хөргөлтийн усыг
зөөлрүүлэх нь эдийн засаг болон байгаль орчинд өндөр ач холбогдолтой юм.
Удиртгал
Дулааны цахилгаан станц нь нийт хэрэглэж байгаа усныхаа 69%-г хөргөлтийн усаар ашиглаж байна.
Усны хэрэглээ өсөхийн хирээр нөөц нь багасч байгаа нь дэлхий нийтэд тулгамдаж байгаа маш том асуудал
бөгөөд гүний усыг арви гамтай хэрэглэх нь чухал болоод байна.
Цахилгаан хүч ашиглан анод болон катодын хооронд химийн урвал явахыг электролиз гэх ба хөргөх цамхагийн
усан сангийн усанд электролиз явуулж хаг хурдсыг зайлуулна. Энэхүү аргыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд
1990 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн хийц загвар энгийн хялбар, ашиглалтын явц дахь
зардал бага, материалын олдоц сайн зэргээс харахад бид өөрсдийн хэрэгцээнд тохируулан хэмжээ болон
бүтцийг гарган угсрах боломжтой байна.
Иймд бид өөрсдийн боломжоор лабораторийн нөхцөлд электролизер угсарч хөргөлтийн усаа цахилгаан химийн
аргаар боловсруулах туршилтыг хийж, хамгийн тохиромжтой хувилбараар электролизерын загвар боловсруулах
зорилго тавин ажиллалаа.
Судалгааны хэсэг
Хөргөлтийн усны шугамд дараах бохирдлууд үүсдэг.
1. Органик хольцууд элс гэх мэт тархсан бодисууд тунадасжиж сууж хуримтлагдах
2. Хөргөлтийн уснаас хатуу бодисууд ялгарах
3. Зэврэлтийн бүтээгдэхүүн үүсэх
4. Биологийн бичил биетнүүд үржих