Page 144 - GreenChemistry2023 Emhetgel
P. 144
2.2 БОХИР УСНЫ ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТҮҮНИЙ СТАНДАРТ
Хаягдал бохир усны бохирдлыг биологийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт
хүчилтөрөгч, нийт азот, умбуур бодис зэрэг үзүүлэлтээр голлон тодорхойлдог. Гэхдээ
үйлдвэрийн технологийн онцлог, хэрэглэгдэж буй химийн материалаас хамааран дээрх
үзүүлэлт дээр доорх үзүүлэлтүүд нэмэгддэг.
Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ): БХХ гэдэг нь тодорхой нөхцөлд (20±1°C) усан
дахь органик бодисуудын биологийн исэлдэлтэд зарцуулагдах хүчилтөрөгчийн хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл бохир ус нь органик бодисоор ямар хэмжээнд бохирдсоныг хүчилтөрөгчтэй
орчинд амьдрах бичил биетний тусламжтайгаар органик бодисыг исэлдүүлэхэд зарцуулагдах
хүчилтөрөгчийн хэмжээгээр тодорхойлогдоно [8].
Дээж дэхь органик бодисын бүрэн исэлдсэнийг БХХ-ийн бүрэн исэлдэлт гэнэ. Исэлдэлтийг
хугацаанаас хамааруулж богино (2-3 хоног), харьцангуй удаан (10-15 хоног) гэж тодорхойлдог.
Үйлдвэрийн хаягдал бохир усны төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх БХХ-ийн зөвшөөрөгдөх дээд
хэмжээ нь 400мг/л-ээс бага байх ёстой [8].
Химийн хэрэгцээт хүчилтөрөгч (ХХХ): ХХХ гэдэг нь тодорхой нөхцөлд өгөгдсөн
исэлдүүлэгчээр (калийн перманганат, калийн бихромат гэх мэт) усны дээжийг боловсруулах
үед түүнд агуулагдаж байсан бодисуудыг исэлдүүлэхэд зарцуулагдсан бихроматтай
эквивалент хэмжээтэй хүчилтөрөгчийн хэмжээ юм. Энэ нь дээжид агуулагдах органик бодис
болон нүүрстөрөгч, устөрөгч, хүхэр, фосфор зэрэг тогтвортой органик бус бодисын
агууламжийг тодорхойлно. Үйлдвэрийн хаягдал бохир усны төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх
ХХХ-ийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 800 мг/л-ээс бага байх ёстой[8].
Умбуур бодис: Умбуур бодис гэдэг нь тодорхой нөхцөлд шүүх эсвэл центрифугдэхэд уснаас
зайлуулагдах хатуу бодисын хэсгийг хэлнэ. Үйлдвэрийн хаягдал бохир усны төвлөрсөн
сүлжээнд нийлүүлэх умбуур бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 400 мг/л-ээс бага байх
ёстой[8].
Бусад тодорхойлох үзүүлэлтүүд: Энэ үзүүлэлтүүд нь арьс шир боловсруулах үйлдвэрийн
технологийн онцлог, хэрэглэж байгаа химийн материалаас шууд хамаарна. Хүрээлэн
байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
ба бусад үзүүлэлтийн хязгаарыг 2.1-р хүснэгтэд зааснаар тогтооно.
Хуудас 67