Page 229 - GreenChemistry2023 Emhetgel
P. 229

1.19. "Ягаан  цээний  навчнаас  цэврээр  ялгаж  тогтоосон  полифенолт  нэгдлүүд"  Э.Энхцэцэг
              Ц.Минжмаа,  ШУТИС  Үйлдвэрлэлийн  технологийн  сургууль,  Хүнсний  инженерчлэлийн
              салбар


        Цээнэ (Paeonia) нь холтсон цэцгийн овог (Ranunculaceae)-т багтах бөгөөд ланцуй хэлбэр үүсгэн цуулагдсан навчтай,
        салбарласан том үндэстэй, цагаанаас ягаан, улаан өнгийн том дэлбээт гоёмсог цэцэгтэй, 40-100 см өндөр нүцгэн иштэй
        олон наст өвслөг ургамал юм. Ази, Америк, Европын сэрүүн уур амьсгалтай бүсэд голчлон тархсан. Тохиромжтой
        нөхцөлдөө 10-15 жил ургах чадвартай. Дэлхий дээр 35 гаруй өвслөг, 8 орчим модлог зүйл, харин манай оронд ягаан цээнэ
        (Paeonia anomala L.), цагаан цээнэ (Paeonia albiflora Pall буюу Paeonia lactiflora Pall) гэсэн хоёр зүйл нь зэрлэгээр ургадаг.
        Цагаан цээнэ нь тархац, нөөц багатай, ховор ургамалд тооцогдох тул төдийлөн ашигладаггүй.

        Ягаан цээний үндсийг уламжлалт анагаах ухаанд цусны даралт бууруулах, булчингийн агшилт тавиулах, халуун бууруулах
        зорилгоор, уушги, бөөр давсаг, эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчин, вируст гепатитын үед хэрэглэхээс гадна хорт хавдрын
        эсрэг үйлчлэх эмийн бүтцэд оруулжээ. Монголчууд ягаан цээний үндсийг хатааж нунтаглаад махан хоол амталдаг бол
        сүүлийн үед цай, ундааны жорд оруулах болсон.

        Ягаан цээний үндсийг ашиглахад навч, иш зэрэг бүтцийн бусад хэсгүүд хаягдана. Хэдийгээр навчаар нь мал тэжээж болох ч
        биологийн олон үйлдэлт полифенолт нэгдлийн чухал эх үүсвэр тул илүү үр өгөөжтэйгөөр ашиглавал зохино. Иймд ягаан
        цээний навчинд агуулагдах полифенолт нэгдлийг цэврээр ялгаж, химийн бүтэц байгууламжийг тогтоох зорилгоор энэхүү
        судалгааг хийж гүйцэтгэв.
        Биологийн олон үйлдэлт фенолт нэгдлүүдийг цэврээр ялгахын тулд ягаан цээний хатааж нунтагласан навчны этилийн
        спиртэн хандыг шингэн-шингэний хандлалт, силикагель ба Хроматорекс ODS баганан хроматограф, урвуу фаз бүхий өндөр
        мэдрэмжит шингэний хроматографаар бүлэглэн үндсэн 5, дэд 20 бүлэг бэлтгэж, биологийн идэвхийг нь DPPH чөлөөт
        радикал саармагжуулах чадвараар үнэлж харьцууллаа. Хамгийн өндөр идэвхтэй бүлэг, дэд бүлгийг дараа дараагийн
        шатанд ашиглав. Эцэст нь өндөр мэдрэмжит шингэний хроматографаар цэвэршүүлж, антиоксидант идэвхт гурван нэгдлийг
        цэврээр ялгаж, цөмийн соронзон резонансын спектрээр метилгаллат, пентагаллоилглюкозид, кверцетингаллоилглюкозид
        болохыг тогтоогоод молекул массыг нь масс-спектрофотометрээр тодорхойлж баталгаажуулав. Эдгээр гурван нэгдлийн
        хатаасан навчин дахь агууламж 7.940.06-аас 37.040.03 мг/г хязгаарт хэлбэлзэж байсан бөгөөд этилийн спиртэн хандны
        антиоксидант идэвхийн 35.2%-ийг бүрдүүлж байв. Ягаан цээнээс цэврээр ялгасан гурван нэгдэл нь антиоксидант, вирус ба
        бактери устгах, төмрийг хоргүйжүүлэх, азотын оксид үүсэлтийг саатуулах, -глюкозидазын идэвхийг сааруулах зэрэг
        биологийн олон чухал идэвхтэй, халдварт бус зарим өвчнөөс сэргийлэх, анагаах үйлдэлтэй юм.
        Ягаан цээний навчны полифенолт нэгдлийг нээн илрүүлснээр хүнс, эм, биологийн идэвхт нэмэлт бэлдмэл, гоо сайхны
        бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглах боломж бүрдэх ач холбогдолтой юм.


        Түлхүүр үг: ягаан цээнэ, навч, полифенолт нэгдэл, антиоксидант идэвх


        Удиртгал

        Манай оронд 2000 гаруй зүйлийн зэрлэг ургамал байдгийн дотор хүнс, эмийн ургамал бараг тал
        хувийг эзэлнэ. Тухайлбал 845 зүйлийн хүнсний, 173 зүйлийн эмийн ургамал бүртгэгджээ 1. Хүнс,
        эмийн зэрлэг ургамал нь хүний бие махбодод зайлшгүй хэрэгцээт уураг, тос, эслэг, эрдэс, аминдэм,
        фенолт нэгдлийн эх үүсвэр болно. Монгол орны хүнс, эмийн зэрлэг ургамлыг зөвхөн уламжлалт
        анагаах ухааны онолоор хэрэглэж байгаа бөгөөд тэдгээрийн эмчилгээ-сувиллын, зохицуулах
        үйлчлэлийг биологийн идэвхт нэгдлүүдтэй нь холбон шинжлэх ухааны үүднээс тайлбарласан
        судалгаа хомс байна.

        Ягаан цээнэ Paeonia anomala L. нь Монгол, Казакстан, ОХУ, БНХАУ-ын нутгаар ургадаг. Дэлхий
        нийтээр цээний 30 гаруй зүйл тархсан боловч 13 зүйл нь судлагджээ.

        Аливаа ургамлын хүний эрүүл мэндийг дэмжих, тухайлбал хорт хавдар, чихрийн шижин, зүрх-
        судасны өвчнөөс сэргийлэх, анагаах болон нянгийн үржил, мутагенаас хамгаалах чадвар нь
        тэдгээрийн антиоксидант идэвхтэй шууд холбоотой 2.

        Судалгааны материал, аргазүй
   224   225   226   227   228   229   230   231   232   233   234