Page 237 - GreenChemistry2023 Emhetgel
P. 237
2.1. "Кальцийн карбонатын өндөр агуулгатай хайлуур жоншны хүдрийг мэдрэгчид суурилсан
технологи болон флотаци хосолсон технологиор баяжуулж чанарын стандарт шаардлага
хангасан баяжмал үйлдвэрлэх боломжийн судалгаа" Я.Дашдондог, “Монголросцветмет”
ТӨҮГ-ын Үйлдвэрлэл техник технологийн хэлтэс
Хаяг: “Монголросцветмет” ТӨҮГ, Улаанбаатар хот, БЗД 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-98, Утас: 11-458072
Хураангуй: Байгалийн нөөц баялгийг эрчимтэй ашиглахын хэрээр түүний нөөц хомсдож, ялангуяа ашигт эрдсийн өндөр
агуулгатай, баялаг ордуудын нөөц багасч, бага агуулгатай, газрын гүнд орших, сарнимал тогтоцтой ордууд ашиглагдаж байгаа
буюу нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай уулын цул болон хүдрийн хэмжээ нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийн өртгийг өсгөж байна. Хайлуур жоншны хувьд сүүлийн жилүүдэд хүдрийн нөөц багасахын зэрэгцээ хүдрийн
технологийн шинж чанар өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор баяжмалын чанар болон минерал авалт буурах,
бүтээгдэхүүний өөрийн өртөг өсөх зэрэг тодорхой хэмжээний хүндрэл тулгарч байна. Тухайлбал “Монголросцветмет” ТӨҮГ-
ын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нийт жоншны уурхайнуудын хүдрийн үлдэгдэл нөөцийн 50 орчим хувийг кальцийн
карбонатын өндөр агуулгатай хүдэр эзэлж байгаа нь стандартын шаардлага хангасан баяжмал үйлдвэрлэхэд хүндрэл
учруулж байгаа тул баяжуулалтын уламжлалт технологийг оновчлох, шинэ төрлийн урвалжуудаар туршилт судалгааны
ажлууд хийж, шинэлэг технологи нэвтрүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Мөн ашигт эрдсийн бага агуулгатай
ордуудын хүдрийн бүтцийн дийлэнх хэсгийг ашиггүй эрдэс буюу хоосон чулуулаг эзэлж байгаа нь хүдрийн тээврийн болон
боловсруулалтын зардлыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг багасгах нөхцөл болдог. Иймээс олборлосон хүдрийг
уурхайд аль болох ойр зайд урьдчилан ангилж, хоосон чулуулгыг ялгаснаар хүдрийн боловсруулалтад гарах тээврийн болон
бутлалт, нунтаглалтын зардал, ус, эрчим хүч болон урвалж материалын зарцуулалтыг бууруулж үйлдвэрлэлийн эдийн засгийн
үр ашгийг нэмэгдүүлэх боломжыг бүрдүүлнэ. Энэхүү илтгэлд Зүүн цагаан дэлийн далд уурхайн карбонатын өндөр агуулгатай
хайлуур жоншны хүдрийн баяжуулалтын процессыг оновчлох, хүдрийг урьдчилан мэдрэгчид суурилсан технологи болох
өнгө болон лазер хосолсон мэдрэгч бүхий ялгах төхөөрөмжөөр ялгаж, хоосон чулуулаг болон хорт хольцын хэмжээг багасгах,
шинэлэг урвалжуудаар туршилт судалгаа хийж үйлдвэрлэлийн процесст нэвтрүүлснээр эрдэс баялгийн нөөцийг үр ашигтай
ашиглах, байгаль экологид нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хэрхэн нөлөөлөх
боломжтой болохыг тодорхойлох зорилт тавьсан. Хүдрийг урьдчилан мэдрэгчид суурилсан ялгах төхөөрөмжөөр ялгах
туршилтыг ХБНГУ-ын Томра сортинг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч үйлдвэрийн газартай хамтран явуулсан бөгөөд энэ
туршилтын үр дүнгээр нийт хүдрийн 30%-ийг урьдчилан ялгасан бөгөөд хүдэр дэх жоншны агуулга 13-15%-иар өсөж, кальцын
карбонатын агуулга 8-9%-иар буурсан. Нийт хүдрийн 30%-ийг урьдчилан ялгаснаар энэ хэмжээгээр тээвэрлэх материалын
хэмжээ болон үндсэн флотацийн процесст орох материалын хэмжээ багассанаар тээврийн зардал буюу түлшний зарцуулалт,
бутлалт нунтаглалтад шаардагдах эрчим хүчний зардал, флотацийн процесст хэрэглэгдэх ус, урвалж материалын
зарцуулалт буурч, байгаль экологид нөлөөлөх сөрөг нөлөөллийг тодорхой хэмжээгээр бууруулах нөхцөл бүрдэж байна.
Флотацийн процесст дэлхийн тэргүүлэх химийн үйлдвэрүүдэд ихэвчлэн синтетик аргаар гарган авсан өндөр үйлчлэлтэй,
зарцуулалт багатай, хүн амьтны эрүүл ахуйд аль болох сөрөг нөлөөлөл багатай урвалжуудаар туршилт явуулж стандартын
шаардлага хангасан өндөр чанартай баяжмал үйлдвэрлэх зорилт тавьж хийсэн туршилтуудын үр дүнг нэгтгэн харуулсан
болно. Дээрх туршилтуудын үр дүн үйлдвэрлэлд нэвтэрч зохих үр дүнгээ өгч эхлээд байна.
Түлхүүр үг: хүдрийн шинж чанар, мэдрэгчид суурилсан технологи, шинэ нэр төрлийн урвалжууд, флотацийн технологи, нөлөөлөх хүчин
зүйлс, кальцийн карбонат, баяжмалын чанар, минерал авалт, экологийн сөрөг нөлөөлөл
Оршил
Кальцитын өндөр агуулгатай жоншны хүдрийг өнөөгийн уламжлалт флотацийн технологиор баяжуулж,
стандартын шаардлага хангасан өндөр чанартай баяжмал үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал байна.
Иймд флотацийн технологид нөлөөлж байгаа хүчин зүйлсийн хамаарлыг авч үзэх, флотацийн
технологийг бусад технологитой хослуулах, шинэ нэр төрлийн урвалжуудын харьцуулсан туршилт,
судалгаа хийж өндөр чанарын баяжмал гарган авах шаардлага үүсэж байна. Энэ илтгэлийн хүрээнд
хүдрийг урьдчилан мэдрэгчид суурилсан технологиор ангилан хоосон чулуулаг, дагалдах эрдсийг
ялган флотацийн процесст орох хүдрийн хэмжээг багасгах, хүдрийн агуулгыг өсгөх, ингэснээр
нунтаглах материалын хэмжээ багасч эрчим хүчний хэмнэлт хийх, ус болон урвалжын зарцуулалтыг
бууруулах, чанарын шаардлага хангасан баяжмал үйлдвэрлэх боломжыг судласан туршилт,
судалгааны ажлын үр дүнг нэгтгэн харууллаа. Энэ ажил нь ногоон химийн зарчмууд болох хог
хаягдлаас урьдчилан сэргийлэх, эрчим хүчний хэмнэлттэй дизайн, үүсмэл бүтээгдэхүүнийг багасгах,
аюулгүй химийн бодис боловсруулах зарчмуудад нийцэж байгаа болно.
Жонш баяжуулах технологит тулгарч байгаа асуудлууд, шийдвэрлэх арга зам
Хайлуур жоншийг ил болон далд уурхайгаас олборлох бөгөөд хэрэглэгчийн шаардлагыг хангасан
бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хүдрийн шинж чанарт тохирсон аргаар баяжуулах шаардлагатай.