Page 245 - GreenChemistry2023 Emhetgel
P. 245
Минералогийн шинжилгээ хийхийн тулд ширхэглэлийн 2 төрлийн фракци /0-125 µм/, /125-200µм/
бэлтгэсэн. Минералогийн шинжилгээний дүгнэлтийг фракци тус бүрээр гаргасан. 0-125 µм фракцийн
үндсэн минералууд маш сайн суллагдсан. Флюритын 97% нь бусад минералуудтай барьцалдаагүй.
Том ширхэглэлтэй /125-200µм/ фракцид флюритын 92% орчим нь суллагдсан, 1,4% нь кальциттай
барьцалдсан байна.
Флотацийн туршилтанд хэт нунтаг хэсгийн эзлэх хувийг бага байлгахын тулд 200µм-ээс доош /d80=80
µм / ширхэглэлтэй материалыг сонгосон.
Нийт 30ш флотацийн туршилт хийгдсэн ба эдгээрийн дийлэнх хэсэгт флотацийн динамик/флотацийн
хугацаанаас хамаарсан хамаарал/-ыг харгалзан авч үзсэн. Эдгээр туршилтуудаас 3 туршилтыг сонгон
авч 4 шатны цэвэрлэгээний туршилтыг явуулав.
Нийт 4 үйлдвэрлэгчийн /BASF, Clariant, EKOF, Nouryon/ 8 өөр төрлийн цуглуулагч урвалж туршсан.
Эдгээр цуглуулагч урвалжууд нь ерөнхийдөө олейны саркозин болон таллийн тос агуулснаараа
ялгаатай байсан. Nouryon-ы цуглуулагчийн хувьд агуулагдах бодисын хувьд нарийн мэдээлэл байхгүй
бөгөөд тосны хүчил агуулсан гэж үзэж болно(6).
Олейны саркозин агуулсан цуглуулагч урвалжын селектив шинж чанар илүү сайн байсан. Мөн
флотацилагдах хугацаа бага зарцуулдаг гэсэн мэдээлэл байдаг. Таллын тос агуулсан бүтээгдэхүүн нь
зарчмын хувьд тохиромжтой боловч селектив шинж чанар нь бага байсан.
Мөн 7 төрлийн дарагч урвалж туршсан бөгөөд тэдгээрийн сонголтыг хийхдээ өмнө хийсэн ажлуудын
туршлага болон хэвлэгдсэн материалын мэдээллийг ашиглан карбонит агуулсан жоншны хүдрийг
баяжуулахад тохиромжтой гэж үзсэн дарагч урвалжуудыг сонгосон.
Дарагч урвалжын хувьд NaF болон Pionera фирмийн F100/Ligninsulfonat/ урвалжуудын хослолыг
хамгийн сайн үр дүн үзүүлж байна гэж үзсэн болно. NaF урвалжыг сод болон шингэн шилээр орлуулж
туршихад үр дүн хангалттай бус байсан тул дарагч урвалж нь ямар нэг байдлаар флюорит агуулсан
бодис байх нь тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн CMC болон PA урвалжууд тодорхой
хэмжээний үр дүн үзүүлж байгааг туршилтаар нотолсон.
Дарагч-цуглуулагч урвалжуудын хослол болох /NaF, Pionera фирмийн F100/Ligninsulfonat/ болон BASF
фирмийн DP-OMC 1033 нь кальцитын өндөр агуулгатай жоншны хүдрийн үндсэн флотацид селектив
байдлаар үйлчилж минерал авалтыг 90%-д хүргэж ба кальцит нь 22%-оос 9% хүртэл буурч байгаа нь
ажиглагдсан. 4 шатны цэвэрлэгээний флотациар 95%-иас дээш жонш агуулсан, 1,4%-ийн кальциттай
концентрат гарган авсан болно. Цахиурын давхар ислийн агуулга 1,76% байсан. Энэ нь Монгол улсын
ФФ-95 баяжмалын стандарт шаардлагыг хангаж байгаа болно.
Дээрх туршилтуудын хүрсэн үр дүнгээс харахад кальцитын өндөр агуулгатай жоншны хүдрээс
стандарт шаардлага хангасан жоншны баяжмал үйлдвэрлэх боломжтой болох нь харагдаж байна. Энэ
үр дүнгүүд нь технологийг цаашид сайжруулан ФФ-97 маркийн өндөр чанарын баяжмал үйлдвэрлэх
үндэс суурь болно.
Дүгнэлт
Кальцийн карбонатын өндөр агуулгатай жоншны хүдрийг мэдрэгчид суурилсан технологиор урьдчилан
ялгаснаар хүдэрт агуулагдах хоосон чулуулаг болон хорт хольцийн хэмжээг багасган флотацийн
процесст орох анхдагч хүдрийн хэмжээг бууруулан ашигт эрдсийн агуулгыг өсгөх боломжтой болсон.
Өндөр агуулгатай бага хэмжээний материал үндсэн процесс болох нунтаглалт, флотацийн процесст
орсноор эрчим хүч, ус, урвалжын зарцуулалтыг багасган үндсэн процессын тоног төхөөрөмжүүдийн
ачааллыг бууруулах ач холбогдолтой. Урьдчилан ялгасан өндөр агуулгатай хүдэр флотацийн процесст
орсноор баяжмалын чанар болон минерал авалт нэмэгдэх боломжыг бүрдүүлнэ. Уламжлалт
технологиор баяжигдах шинж чанар муу хүдрийг боловсруулснаар эрдэс баялгийн нөөцийг иж бүрэн
ашиглах зарчимд тодорхой хувь нэмэр оруулах бөгөөд бага агуулгатай балансын бус хүдрийн овоолгыг
эргэлтэд оруулж нөөцийг нэмэгдүүлэх боломжтой болно. Бүхэллэг хүдрийг урьдчилан ялгаснаар
хаягдлын санд хуримтлагдах нойтон хаягдлын хэмжээг багасган, хаягдлын сангийн талбай ашиглалтыг