Page 668 - GreenChemistry2023 Emhetgel
P. 668

5.2.  Бодисын Солилцооны Хямралыг Зохицуулах Үйлдэлтэй Ургамлын Судалгаа

                                                      Г.Одонтуяа
                                                  Зөвлөх профессор
                            ЭЗШУИС, Эмийн хими, Эмийн Ургамал Судлалын Тэнхим
                                    Сонсголонгийн зам, 4/А, СХД, Улаанбаатар
                                  odontuya.g@monos.mn; gendaramo@gmail.com;

              Хүний  бие  махбодын  бодисын  солилцооны  хэвийн  ажиллагаа  алдагдаж  хямарсны
        улмаас түүнээс шалтгаалсан таргалалт, үрэвсэл, хорт хавдар, судасны хатуурал, зүрх судас,
        үе мөч, Алцгеймер, Паркинсоны өвчин, чихрийн шижин, дархлааны тогтолцоо гэмтэх зэрэг 100
        орчим төрлийн өвчин үүсэж, архагших шалтгаан болдог. Халдварт бус өвчнийг эмчлэх олон
        арга байдгаас байгалийн гаралтай эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрэглэх нь
        өвчнийг анагаахад идэвхтэй үйлдэлтэй, гаж нөлөө бага байдгаараа хүн төрөлхтний анхаарал,
        сонирхолд  ямагт  байдаг.  Аливаа  бүтээгдэхүүн  хөгжүүлэн  боловсруулахад  суурь  судалгаа
        чухал ач холбогдолтой.
              Монгол  оронд  ургадаг  Сөөгөн  боролзгоно  (Dasiphora  fruticosa  Rydb.),  Ягаан  цээнэ
        (Paeonia  anomala  L.)  ургамлуудын  эмийн  түүхий  эдийн  химийн  бүрэлдэхүүн,  антиоксидант
        идэвх, нойр булчирхайн липаза (НБЛ) ферментийг дарангуйлах идэвх, хорон чанарыг судлан
        тодорхойлов.
              Сөөгөн  боролзгоно  ургамлын  цэцэг,  навчнаас  18  хоёрдогч  метаболит  ялгаж,  бүтэц
        байгууламжийг  тогтооход  кверцетин,  кемпферолын  уламжлалын  10  флавонол,  флавон  1,
        катехин 1 буюу флавоноид 66.67 %, энгийн фенолт нэгдэл 1, тритерпен 1, стерол 2, тосны
        хүчил  2  тус  тус  байв  Цэцэг  навчинд  флавонол  зонхилон  агуулагддаг  ба  түүний  40  %-ийн
        этанолон  ханданд  нийт  фенолт  нэгдэл  галлын  хүчилд  шилжүүлснээр  16.81±0.15  %,  нийт
        флавоноид рутинд шилжүүлснээр 2.19±0.09 % тус тус агуулагдаж байв.
              Ягаан цээнэ ургамлын өвс, үндэс, цэцэгнээс 36 метаболит ялгаж, бүтэц байгууламжийг
        тогтооход кверцетин, кемпферолын уламжлалын 14 флавонол буюу нийт ялгасан бодисын
        37.84 %, энгийн фенолт нэгдэл 7 ба идээлэгч бодис 2 (24.32 %), монотерпений гликозид 11
        (29.73 %), мегастигманы уламжлалын нэгдэл 1, карбон хүчил 1 байв. Өвсөнд монотерпений
        гликозид, энгийн фенолт нэгдэл, идээлэгч бодис, флавоноид зонхилон агуулагддаг ба түүний
        40 %-ийн этанолон ханданд нийт фенолт нэгдэл 12.45±0.10 %, нийт флавоноид 1.92±0.05 %
        тус тус агуулагдаж байв.
              Хоёр  зүйл  ургамлын  антиоксидант  идэвхийг  DPPH  (2,2-дифенил,  2-пикрил-гадразин)
        радикалыг  зайлуулах  аргаар  судалсны  дүнд  Сөөгөн  боролзгоны  цэцэг,  навчны  40  %-ийн
        этанолон ханд сайн идэвхтэй, IC50 мкг/мл 25.45±0.54 (стандарт рутин, IC50 мкг/мл 22.66±0.29),
        Ягаан цээнийн өвсний 40 %-ийн этанолон ханд сул идэвхтэй IC50 мкг/мл 50.30±0.50 болохыг
        тодорхойлов.
              Хоёр  зүйл  ургамлын  эдгээр  түүхий  эдийн  (300  мкг/мл  конц.)  НБЛ  ферментийг
        дарангуйлах  идэвхийг  DTNB  (5,5’-дитиобис(2-нитробензойны  хүчил))  өнгөт  урвалжтай
        үйлчлэлцүүлэн  судалсны  дүнд  Ягаан  цээнийн  өвсний  40  %-ийн  этанолон  ханд  харьцангуй
        сайн идэвхтэй 44.77±0.11 % (стандарт орлистат 100 мкг/мл, 62.5±1.27 %), Сөөгөн боролзгоны
        цэцэг, навчны 40 %-ийн этанолон ханд сул 18.77±0.28 % идэвхтэй байв.
              Ягаан цээнийн өвс ба Сөөгөн боролзгоны цэцгийн 40 %-ийн этанолон ханд нь хоргүй,
        харин навч нь дунд зэргийн хортой ангилалд багтдаг. Эдгээр ургамлын эмийн түүхий стандарт
        боловсруулагдан батлагдсан болно.
              Дээрх суурь судалгааны үр дүн нь эдгээр  ургамлаас бодисын солилцооны хямралаас
        сэргийлэх, анагаах үйлдэлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжтой юм.
        Түлхүүр үгс: Сөөгөн боролзгоно, Ягаан цээнэ, химийн бүрэлдэхүүн, биологийн идэвх
   663   664   665   666   667   668   669   670   671   672   673